Д.Отгонбаяр: Эр хүн үнэнч, баггүй л амьдрах хэрэгтэй. Сэтгэлийн гүнд байгаа чин сэтгэлээ гэр бүл, үр хүүхдэдээ “асга”

Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг яах аргагүй “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Отгонбаяр билээ. Түүний хувьд 2014 онд МУГЖ болсон. ХАмтлагтаа 20 жилийн турш хөгжимдхийн зэрэгцээ түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дууны аялгууг бүтээсэн. Түүнийг бага байхад нь хүүхдүүд “бух, хайнаг” гэж хочилдог байсан хэмээн дурсамжаа уудлах тэрээр урлагийн ертөнцөд хөл тавиагүй байсан бол аав, ээжийнхээ замналаар төмөр замын ажилтан болох байсан гэсэн юм.
Д.Отгонбаяр 10 хүү, нэг охинтой айлын найм дахь хүү. “Цэргийн бодол” дууг хамгийн том ах нь 1978 онд Хужир булангийн цэргийн ангид байхдаа зохиож байжээ. Д.Отгонбаяр цэргийн алба хаагаагүй. Тэрээр энэ тухайгаа “Одоо хүртэл цэрэг, эх орны тухай дуугаа дуулаад түмэн олноо соён гэгээрүүлээд явж байна.
Намайг жаахан байхад өөрчлөлт, шинэчлэлтийн үе байсан. Зарим нэгэнд нь цэргийн зарлан ирнэ. Заримд нь ирэхгүй. Би тухайн үед үеийнхээ банди нартай айлаар хэсээд л, цэрэгт явлаа гээд чихэр, боов эргүүлээд, баахан охидод онгирсон. Гэтэл маргааш нь цэргийн зарлан ирээгүй. Яасан юм гэсэн чинь аав намайг эмэгтэй гээд бүртгүүлчихсэн байсан. Аав маань зурхай, буддын гүн ухааныг судалдаг хүн байсан.
Тухайн үед аав минь “Долоон бурхан од шиг долоон хүүгээ цэрэгт явуулсан. Одоо найм дахь хүүгээ явуулахгүй. Чи зүгээр хөгжмөө тогло” гэж хэлж байсан хэмээн ярив. Тэрээр “Эр хүн үнэнч, баггүй л амьдрах хэрэгтэй. Битгий баг зүү. Сэтгэлийн гүнд байгаа чин сэтгэлээ гэр бүл, үр хүүхдэдээ “асга”. Хүнд илүү дутуу юм хэрэггүй. Өөрийгөө сэтгэлээрээ чим” хэмээсэн нь ярилцлагын онцлох ишлэл байв. Д.Отгонбаяр өнчин, амьдралын боломжгүй сод авьяастай хүүхдүүдийг хайж олж, өөрийн нээсэн тохилог төвдөө мөрөөдлийг нь дэмжин, үнэгүй сургахаар төлөвлөжээ.