Өмнөд Солонгосчууд эрчим хүчээ хэмнэхийн тулд гэртээ майхан барьж дулаан сууцгааж байна

0
174

Өнгөрч буй долоо хоногт Өмнөд Солонгост ер бусын хүйтэн болж, Сөүл хот цасанд дарагдаж, агаарын температур Цельсийн -16 хэм хүрсэн нь ховор үзэгдэл байлаа.

Даарч зутарсан хүмүүс халаалтаа нэмэх боломжтой ч үүнд эрчим хүчний үнэ тариф саад болж байна. Тиймээс гэртээ хямд зардлаар дулаан суух янз бүрийн арга хайж, онлайн орчинд туршлагаа хуваалцах болжээ. Тэдгээрээс хамгийн үр дүнтэй гэгдэж буй арга нь гэртээ жижиг хэмжээтэй майхан барих юм байна.

Майхны нийлэг материал агаар нэвтрүүлдэггүй тул биеийн дулааныг дотроо удаан хадгалж, даарахаас сэргийлж чаддаг гэнэ. Ийм майхан хамгийн хямд нь 25,000 воноор ($20) дэлгүүрүүдээс олдож байгаа ажээ.


“Эхлээд би үүнд итгэхгүй байсан. Харин хоёр өдөр хэрэглэсний дараа яагаад хүмүүс түгээмэл хэрэглэх болсныг ойлголоо. Энэ бол дулаан суух маш үр дүнтэй арга” гэж Сөүл хотын оршин суугч 20 гаруй настай Ким ярьж байна.

Тэрбээр арванхоёрдугаар сарын халаалтын төлбөрийн нэхэмжлэхийг хүлээж аваад цочролд орсон олон хүмүүсийн нэг юм. Унтлагын өрөөндөө майхан барих нь хачин санагдаж байсан ч халаалтад төлөх мөнгөнийхөө хэмжээг хараад эргэлзэлгүйгээр шийдсэн байна.

Бага насны хоёр хүүхэдтэй гэрийн эзэгтэй Чой ч бас ийм аргаар дулаан амьдрах болсноо ярьжээ. “Би халаалтын зардал гэнэт өсөхөд нэлээд цочирдсон. Онлайн орчинд хүмүүс майхан хэрэглэхийг их зөвлөж байлаа. Хэсэг хугацаанд хэрэглэснийхээ дараа энэ нь тийм ч муу арга биш болохыг ойлгосон. Хүүхдүүд маань ч их дуртай байгаа. Тэд зугаалгаар явж байгаа мэт өөрсдийгөө төсөөлдөг гэсэн” гэж тэр ярьсан байна.

Үүнээс гадна солонгосчууд хөшгөө дулаалах, цонхны шилэндээ хальс наах, хэрэглээний халуун усныхаа температурыг багасгах зэрэг янз бүрийн арга хэрэглэж эхэлжээ.

Өмнөд Солонгос улс өнгөрсөн онд 70 их наяд воны ($56.7 тэрбум) шингэрүүлсэн хий гадаад зах зээлээс импортолсон байна. Импортын хэмжээ нь өмнөх жилээсээ 84.4 хувь өссөн, 1956 оноос хойших хамгийн өндөр дүн юм. Тус улс эрчим хүчний хэрэгцээнийхээ 93 хувийг импортолдог.

Leave a reply