ЭЭЖҮҮД: Хүүхдийн мөнгөнд хамрагдах ёстой эмзэг бүлгийн хүүхдүүд мөнгө авахгүй байна

0
130

Хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй ээжүүдийн төлөөлөл мэдээлэл хийж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт захидал хүргүүлжээ.

Ээжүүд, Засгийн газраас нийт хүүхдийн 91 хувь хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэж, бүрэн олгосон гэж мэдээлсэн боловч өрхийн орлого нь 3.5 сая төгрөг хүрэхгүй, хагас бүтэн өнчин болон өрх толгойлсон эцэг эхтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олноор хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй байна.

Тиймээс хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй ээжүүд фэйсбүүкт групп үүсгэж, судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан ээжүүдийн дунд хүүхдийн мөнгөнд хамргагдах хүлээлттэй, орлого нь сарын 3.5 сая төгрөг хүрэхгүй өрхийн хүүхэд хасагдсан. Ямар шалгуур үзүүлэлтээр хүүхдийн мөнгөнөөс хасагдсаныг тодруулахад хариулт өгөх төрийн байгууллага алга байна.

Судалгаанд хамрагдсан ээжүүдийн 60-70 хувь нь бага насны 1-2 хүүхэдтэй, ипотекийн зээл төлдөг залуу гэр бүлүүд хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй гэсэн байна. Мөн 12 хувь нь зөвхөн хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эцэг, эхчүүд байна.

Ямар төрлийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс вэ? гэсэн асуултад 25 хувь нь төрийн албан хаагчид буюу багш, сувилагч гэх мэт хүмүүс байгаа бөгөөд тэд нэрээ нууцлахыг хүсэж асуудлыг хэлж байна.

Өндөр татвар төлдөг, үнэтэй машин унадаг чинээлэг амьдралтай хүмүүс хүүхдийн мөнгөнд хамрагдсан жишээ баримт маш олон байна. Гэхдээ энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Гэтэл хүүхдийн мөнгөнд хамрагдах шаардлагатай, эмзэг бүлгийн гэж болох хүүхдүүд мөнгө авч чадахгүй байна. Төр алдаатай мэдээлэлд үндэслэн хүүхдийн мөнгө олгож эхэлсэн. Тэгэхээр энэ алдааг засахад хэцүү учир энэ жилдээ бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохыг хүсэж байна гэлээ.

Leave a reply