15 настай охины амийг үе тэнгийнхэн нь биш, гэр бүлийнх нь хүн хохироосон нь тогтоогджээ

0
183

Ховд аймагт 15 настай хүүхэд амь хохирсон хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ховд аймгийн жаргалан сумын БОЭТ-д толгой дээрээ оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд хэргийг богино хугацаанд илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын ажиллагаагаар амь хохирогч Ж -гийн гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч нь хэргийг үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хойшлуулшгүй тохиолдлоор 48 цагийн хугацаанд баривчлаад, таслан хорих цагдан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна.

Цахим орчинд мэдээлэл гарсанчлан амь хохирогчийг дөрвөн хүүхэд сургуулийн орчинд трубагаар цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл.

Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дөрвөн хүүхдэд зодуулж гэмтсэн” гэх худал мэдээллийг тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хэвлэл мэдээллийн байгууллагынхан гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг нийгэмд түгээхдээ эх сурвалжаас нь нягталж байж авах ёстой. Иймд худал мэдээллийг анх удаа гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлагын асуудал яригдана.

Яг одоогийн байдлаар шинжээч эмнэлгийн дүгнэлт гараагүй. Дөрвөн охин трубагаар цохисон гэдэг худал мэдээлэл болох нь нотлогдож байна” хэмээв.

10-р бүлэг. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр; 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар; 2.3.захиалгаар; 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор; 2.6.хоёр, түүнээс олон хүнийг; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж; 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг; 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад; 2.11.бүлэглэж; 2.12.эрүүдэн шүүж; 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор; 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Leave a reply