Ш.Наранбулаг: Долоон хүүхэдтэй, завгүй ээжийн амьдралдаа би хайртай

0
2921

Хивсэн дээгүүр гүйх жижигхэн хөлүүд орон сууцыг нураачих шахна. Тэрсхэн балчруудын шуугиан гурван өрөө байрыг харин ч нэг цуурайтуулж байлаа. Ах эгч нарынх нь хичээл тарж, эхнээсээ гэртээ ирсээр саяхан балчруудын хөлд дарагдаж байсан гэр хэсэг “амарна”. Ш.Наранбулаг бүсгүйнх 3-18 насны долоон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Тэд тун удахгүй төрөх бяцхан дүүгээ хүлээж өдөр бүр ээжийнхээ гэдсэнд чихээ нааж, “Сайн уу дүү минь” хэмээн ярилцдаг гэнэ. Энэхүү өнөр бүлийн эзэгтэйг Ш.Наранбулаг гэдэг. Тэрбээр “Би анхны хүүхдээ 20 настайдаа төрүүлж байлаа. Тэрнээс хойш таван жилийн дараа удаах охиноо төрүүлсэн. Тэгээд л жил дараалаад ойрхон төрсөн дөө. Одоо найм дахь хүүхдээ тээж байна” гэсээр нэг инээмсэглэн хүүхдүүдээ харчихаад “Өнөр бүлийн завгүй ээж байна гэдэг сайхан. Би чинь аз жаргалтайгаар завгүй байдаг юм шүү дээ” гэв.

Тэрбээр хоёр хүүхэдтэй айлын бага охин. Хамар хашааны арван хүүхэдтэй айлын аз жаргалтай, гэр дүүрэн хүүхдүүд бужигналдаж байгааг хараад битүүхэндээ атаархаж “Би том болоод арван хүүхэдтэй болно доо” гэж боддог байжээ. Бага насны гэгээн дурсамжаа хуваалцах зуураа тэр “Хүүхэд гэдэг чинь бурхны бэлэг. Жирэмсэн болох бүрдээ баярлана шүү дээ. Аз жаргал гэдэг чинь материаллаг хэрэгцээний сэтгэл ханамж биш юм билээ. Эрүүл саруул, олуулаа бужигнаад нэгэндээ дэмтэй байх чинь жинхэнэ жаргал. Хүүхдүүдийн минь ирээдүй надаас шалтгаалж байгаа учраас сайн ээж байхыг хичээдэг дээ” гэв.

БИЕЭ ХҮССЭНЭЭРЭЭ УРЛАЖ, ФИТНЕС ТАМИРЧИН БОЛСОН

Өнөр бүлийн эзэгтэй тэрбээр долоон хүүхдийн ээжээс гадна фитнес тамирчин, хувиараа бизнес эрхлэгч. Орифлемийн гэрээт борлуулагчаар 15 жил ажиллаж байгаа гэнэ. “Олон хүүхэд тээж, төрүүлсэн учраас хэвлий хэсгээрээ жин нэмж эхэлсэн. Тэгээд анх биеэ гоё болгох зорилгоор фитнест явж эхэлж байлаа. Богино хугацаанд эерэг өөрчлөлт гарсан учраас шууд тэмцээнд оролцож, амжилт гаргаж эхэлсэн. Хүмүүс долоо хоногт хоёр улаа бэлтгэл хийдэг байсан бол би өдөр бүр өглөө, орой хоёр удаа бэлтгэл хийж, өөрөөсөө гарах бүхнийг хийсэн. Олон төрсөн гээд биедээ анхаарахаа болино гэсэн үг биш. Бид биеэ хүссэнээрээ урлах хэрэгтэй гэдгийг өөрөө үлгэрлэж харуулсандаа баяртай байдаг. Одоо давхар фитнесийн багш хийдэг, 100 гаруй шавьтай. Зорилго томтой хүн хол явдаг юм шиг санагддаг даа.Олон хүүхдийн амьдрал надаас шалтгаалдаг учраас тэднийхээ бахархалт ээж нь байхыг хүсдэг дээ. Би эрүүл байж хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадна шүү дээ. Эрүүл байхыг гол үндэс нь спорт юм билээ” гэв.

ДОЛООН ӨӨР ЕРТӨНЦ

Энэ гэрт бүгдэд тэгш, ижил хууль үйлчлэн. Нэг уут чихрийг хүртэл энэ тэнцүү хувааж иддэг шигээ тэд ажлыг ч хувааж хийнэ, бүгд гар бие оролцоно. Ерөөс тэднийг ээж нь ингэж хүмүүжүүлжээ. Ээжийн дараагаар орох ерөнхий командлагч нь тэдний 18 настай эгч Н.Хонгорзул. Ээжийн сайн туслах байхаас гадна бараг л ээж шиг нь байдаг гэнэ. “Би төрөх хугацаанаасаа нэг хоногийн өмнө хүртэл ажлаа хийгээд явж байдаг. Төрснийхөө дараа нэг хоноод ажилдаа ордог. Амарч хойш суух юм бол миний ажил урагшлахгүй, байнгын үйлчлүүлэгчдээ алдана шүү дээ. Тэр завгүй үеүдэд ээжийн охин л хамгийн сайн туслах, дэмжигч байна шүү дээ” гэсээр инээмсэглэнэ. “Манай дээрээсээ гурав дахь охин “Ээжийн гэдсэнд жижигхэн хүүхдүүд байгаа тэгээд нэг нэгээрээ том болоод гараад байдаг. Ээжээ одоо хэдэн хүүхэд үлдсэн байгаа бол” гэж хөөрхөн юм их ярина. Яасан олон төрдөг юм гэж хэлдэг хүмүүс бий. Тэр бүрийг өөр дээрээ хүлээн авахгүй хичээдэг. Гэр дүүрэн аз жаргал шүү дээ хүүхэд гэдэг. Орой гэртээ ирээд “ээж нь ядраад байна” гэхээр бүгд ирээд тэр жижигхэн гараараа массаж хийж өгнө шүү дээ. Эднийхээ шуугианд байхад ядаргаа тайлагдах шиг л болно. Манай доод айл биднийг ойлгодог сайн айл байдаг юм. Тэрнээс биш долоон хүүхэд гэдэг чинь харсанчлан аатай шуугьж, үймэлдэнэ” гэв.

Ширээний булан дээр нямбайлан эвхсэн цэнхэр өнгийн цаас харагдана. Энэ бол ээжид хаяглаж ирдэг 100, 100 захианы үргэлжлэл гэнэ. “Манай хүүхдүүд надад захиа их өгдөг юм. Тэмдэглэлт баяр болон намайг гомдоосон үедээ өнгийн цаасан дээр хэлэх гэсэн үгээ бичээд эсвэл зураад миний шүүгээнд хийчихнэ. Би чинь захианы дунд л амьдардаг хүн” гэсээр нүүр дүүрэн инээж, саяхан ирсэн захиаг хайр дүүрэн харцаар харна.

Долоон хүүхэдтэй айлд төрсөн өдөр тун ойрхон болдог гэнэ. Жишээ нь зургадугаар сарын 1, 2, 5-д гээд гурван төрсөн өдөр шил дараалан болдог тул нийлүүлээд нэг төрсөн өдөр тэмдэглэнэ. Харин балчрууд дунд “Миний төрсөн өдрийг тэмдэглээгүй” гэж гоморхох үе цөөнгүй гардаг талаар тэр хуучилсан юм. “Хүмүүс яаж тэжээж авч яваад байдаг юм гэдэг. Дээрээ ах эгч олонтой учраас нэгнийхээ хувцсыг өмсөнө. Манайд гэрт бараг шинэ юм авч өмсөж үзээгүй хүүхэд байж магадгүй шүү. Ах, эгчийн хувцас дамжаад л ирнэ дээ” гэсээр нүүр дүүрэн инээмсэглэх бүсгүй “Долоон өөр ертөнцтэй харьцаж байгаа учраас бүгдийг нь хайрлаж, зөв хүн болоход нь анхаардаг. Хааяадаа хоорондоо муудалцан. Тэрийг нь би хүндээс хүлээж аваад байдаггүй. Тэдний дунд бас нэг бидний ойлгохгүй амьдрал явагдаж байна шүү дээ. Тэгж байгаад л эвээ олчихсон гүйж явцгаадаг. Би хүүхдүүддээ үглэж загнах бус зөв хүн байхыг үлгэрлэж харуулахыг л хичээдэг дээ” гэлээ. Түүнийг харж, үлгэр дуурайлал авах долоон хүүхэд байгаа учраас бүхнийг чадагч мундаг ээж байх ёстой хариуцлагыг тэр хүлээдэг.

Ш.Наранбулаг бол амрах завгүй, өвдөх эргүй, бүхнийг амжуулахыг тулд гүйсээр байх ёстой амьдрал гэх марафоны тамирчин. Ээж гэх нэр нь өмнө нь хариуцлага хүлээх ёстой долоон хүүхэд нь түүний хувьд өнөөдрөөс маргааш руу тэмүүлэх хөдөлгүүр нь ажээ.

Leave a reply